Jan. 19, 2021
ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ны гүйлгээний товч тайлан
СЗХ-ноос баталсан Үнэт цаасны бүртгэлийн журмын 4.4.14-д заасны дагуу Үнэт цаасны гүйлгээний товч тайланг үүгээр хүргүүлж байна.
“Инвескор актив ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2021 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд 10:00 - 16:00 цагийн хооронд явагдаж, амжилттай хаагдсан ба Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/175 тоот албан бичгээр анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон тухай мэдэгдсэний дагуу ҮЦТХТ нь “Инвескор Актив ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан 10,000 ширхэг ХБҮЦ-ны арилжааны хэлцлийг 2021 оны 1-р сарын 18-ны өдөр төвлөрсөн хадгаламжид бүртгэж, үнэт цаас эзэмшигчдийн дансанд байршууллаа.
Үнэт цаас гаргагч “Инвескор Актив ТЗК” ХХК нь төлбөрийн дарааллын ялгаатай А, Б транч гэсэн хоёр ангилалтай нэг бүр нь 400,000 төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг үнэт цаас гаргаснаас төлбөрийн дарааллын давуу эрхтэй А транчийн 3,400,000,000 төгрөгийн үнэ бүхий 8,500 ширхэг үнэт цаасыг олон нийтэд санал болгосон ба дор дурдсан хуваарилалтын дагуу үнэт цаасны гүйлгээ хийгдлээ. Үүнд:
- 1,700,000,000 төгрөгийн үнэ бүхий 4,250 ширхэг үнэт цаасыг стратегийн хөрөнгө оруулагч нарт хувь тэнцүүлэхгүй 100 хувь захиалга биелүүлэх нөхцлөөр санал болгосон ба 4 стратегийн хөрөнгө оруулагчаас ирүүлсэн захиалга 100% биелэгдэж, 4,250 ширхэг үнэт цаасыг стратегийн хөрөнгө оруулагч нарын дансанд байршуулсан.
- 1,700,000,000 төгрөгийн үнэ бүхий 4,250 ширхэг үнэт цаасыг 10,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнд 100% биелүүлэх, илүү гарсан дүнд хувь тэнцүүлэх нөхцлөөр захиалга авсан ба нийт 5,686,800,000 төгрөгийн үнийн дүн бүхий 14,217 ширхэг үнэт цаас худалдан авах 89 захиалга ирснээс 10 сая төгрөг хүртэлх үнийн дүн бүхий нийт 1,380 ширхэг үнэт цаасны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн 12,837 ширхэг үнэт цаасны захиалгыг 22.4 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлт хийснээр 4,250 ширхэг үнэт цаасыг хөрөнгө оруулагч нарын дансанд байршуулсан.
Төлбөр тасалдлын эрсдэл хаах зорилго бүхий Б транчийн 1,500 ширхэг үнэт цаасыг андеррайтер болон анхны үүрэг гүйцэтгэгч нарт санал болгосон ба 3 хөрөнгө оруулагчаас ирүүлсэн 600,000,000 төгрөгийн захиалга 100%-иар нийлүүлэлт хийгдэж 1,500 ширхэг үнэт цаасыг тэдгээрийн дансанд байршуулсан байна.
Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 16 үнэт цаасны компаниар дамжуулан нийт 96 хувь хүн, аж ахуйн нэгж оролцсон бөгөөд олон нийтээс ирүүлсэн захиалга нь татан төвлөрүүлэх дүнгээс 3.3 дахин давсан үзүүлэлт боллоо.